ОНЛАЙНААР ТАВИЛГА ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Онлайнаар хэрэгцээт зүйлсээ худалдан авах нь орчин үеийн бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Хүнс, гэр ахуйн бараа, хувцас, ном, спортын хэрэгсэл, тавилга, цахилгаан бараа гээд бүгдийг багтаасан website-ууд ч олшрох болж.

Брэндүүдийн ачаар бид чанарын хувьд санаа зовохгүйгээр ном, цахилгаан бараа, электрон тоног төхөөрөмж, сайн сортын алим зэрэг зүйлсийг онлайнаар захиалж чадаж байна. Гэхдээ олон жил хэрэглэх, хэрэглэх бүртээ тав тухыг мэдэрч байх шаардлагатай тавилгаа онлайнаар авах боломжтой болов уу? Цагаа гарган дэлгүүрт очиж тавилга үзэх нь зайлшгүй хийх ёстой алхам уу? Ямар нэгэн худалдан авалт хийхдээ эхлээд гараар болон биеэр мэдэрч байгаад сонголтоо хийдэг худалдан авагчдад бол дэлгүүрт очих нь илүү зүгээр боловч өнөөгийн цар тахлын үед гэрээсээ гарахгүйгээр онлайнаар худалдан авалт хийх гэж буй хүмүүст хэдэн зөвлөгөө өгье.

  1. Найдвартай нэр хүндтэй сайт сонго.

Онлайнаар тавилга санал болгодог олон website болон фейсбүүк хуудаснууд бий болсоор байна. Худалдан авалт хийхийнхээ өмнө үргэлж тэдгээрийн түүх, хэрэглэгчийн сэтгэл ханамж, бизнесийн төв байр, холбоо барих дугаар зэргийг нягталж үзэх шаардлагатай. Ихэнх давгүй тавилгын брендүүд өөрсдийн гэсэн website-тай байдаг тул тухайн сайтаас нь худалдан авалт хийх нь илүү аюулгүй байх болно. Вэбсайтын URL нь http бус https-ээр эхэлсэн байвал тухайн сайт нь аюулгүй гэсэн үг. URL нь http-ээр эхэлсэн сайтаас аль болох худалдан авалт хийхгүй байх нь та өөрийгөө кибер гэмт хэргээс хамгаалах эхний алхам болно.

  1. Хэмжилт

Тавилга худалдан авахад онлайнаар ч болон биеэр ч байсан тавилга байршуулах талбайн хэмжээгээ нарийн хэмжих нь чухал алхам юм. Иймд гэрийнхээ тавилга байршуулах орон зайг худалдан авалт хийхээсээ өмнө нарийн хэмжээрэй. Мөн хүний биед ээлтэй тавилгын эргономик хэмжээсүүдийг судалж үзэн тухайн стандартын хэмжээний дагуу тавилга худалдан авах нь таны хийж болох хамгийн сайн алхам болох болно.

  1. Зураг болон тайлбар

Тухайн сайт дээрх зөвхөн зургийг харан худалдан авалт хийх нь таныг буруу сонголт хийхэд хүргэж болзошгүй юм. Өнгө болон бүтэц нь бодит байдал дээр таны төсөөлснөөс өөр байж болох тул өмнөх худалдан авагчийн байршуулсан зураг санал, шүүмжийг хайж унших нь тохиромжтой. Мөн тухайн тавилгын дэлгэрэнгүй тайлбарыг сайн уншиж судалж, бусад ижил төрлийн тавилгын вебсайтууд дээрх тайлбарыг харьцуулж уншиж үзэх нь ухаалаг алхам билээ.

  1. Үнийн харьцуулалт

Ижил төстэй бараа бүтээгдэхүүн болон бусад сайтууд дээрх үнийн харьцуулалтын судалгааг хийх нь чухал алхам юм. Биеэр дэлгүүрт очин худалдан авалт хийх үедээ хямдруулдаг шиг боломж онлайн худалдан авалтанд байхгүй тул аль нэг сайт дээр боломжит хамгийн доод үнийг санал болгосон байх болно. Та уг үнийн судалгааг хийснээр өөрийн сонирхож буй бүтээгдэхүүнээ хамгийн боломжит дүнгээр худалдан авах боломжтой.

  1. Буцаалт хийж болох эсэх

Та үнэхээр судалгаагаа сайн хийгээд худалдан авалт хийсэн ч бусад тавилгатай зохицохгүй эсвэл буруу сонголт байж тааран буцаан авалт хийх, тавилгаа солиулах нөхцөл гарж ирж магадгүй юм. Энэ үед буцаалт хийхэд төлбөр төлөх эсэх, хийх боломжтой эсэхийг наана нь судалсан байх та өөрийн сонголтоо хамгаалах алхам байх болно. Ямар ч буцаалт хийх боломжгүй сайтаас аль болох худалдан авалт хийхээс зайлсхийх нь зүйтэй.

Эх сурвалж: https://gharpedia.com