Бид гэр, байшингийнхаа хаа нэг газарт хөгц байхыг хараад заримдаа тоолгүй өнгөрдөг. Хөгц нь голчлон харанхуй, чийгтэй буланд үүсдэг бөгөөд эхэндээ гэм хоргүй мэт санагдана.
Гэвч энэ нь барилгад цаашлаад оршин суугчдын эрүүл мэндэд томоохон асуудал үүсгэдэг байна. Учир нь хөгц нь аажмаар томорч бусад материал гадаргууг бохирдуулж, өвөрмөц таагүй үнэр гаргаж, агаарыг бохирдуулж байдаг. Хөгц нь нэг ёсондоо нүдэнд харагдахгүй бичил хэмжээтэй мөөгөнцөр буюу амьд организм олноороо үржиж буй явдал юм.

"Мөөгөнцөр нь маш олон төрөл байдаг бөгөөд бараг бүх газарт, тэр ч байтугай агаарт хүртэл агуулагдаж байдаг байна."

Мөөгөнцрийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө

Зарим хүмүүс хөгцөнд мэдрэмтгий байх бөгөөд хөгц үнэрлэсний дараа амьсгалын замын хүндрэл илрэх, мөн түүнчлэн биед мөөгөнцрийн хордлого ч үүсгэх аюултай байдаг.

Судалгаагаар хөгц нь нярай, бага насны хүүхдүүдэд илүү аюултай төдийгүй дархлааны тогтолцоог бууруулахаас гадна амьсгалын замын шинж тэмдэг, харшил, астма өвчний тархалтыг нэмэгдүүлдэг.

Тэгвэл хөгц буюу мөөгөнцрийг барилгын хийц, дизайнд нөлөөлөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

Мөөгөнцөр нь үндэслэж шилэн хавтан, мод, хуурай ханын хавтан, гипсэн хавтан зэрэг целлюлозаар баялаг гадаргуу дээр ургана. Дөнгөж үүсч эхэлж буй мөөгөнцрийг арилгахад амархан, харин хар толбо үүссээд эхэлчихсэн мөөгөнцөр арилгахад маш хэцүү байдаг.

Урьдчилсан сэргийлэх арга нь дотор гадаргуу, барилгын бүтэц дэхь чийг,  бичил биетийн өсөлтийг сааруулах явдал юм.
Архитекторуудын хувьд оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилга байгууламжийг барих үүрэгтэй. Тиймээс дээвэр, ханыг ус нэвтэрдэггүй материалаар хийх шаардлагатай бөгөөд ажлын явцад нарийвчилсан хяналт тавих нь бүтцийн аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Нарны гэрэл, хангалттай агааржуулалттай байх нь дотор чийгшлийг хянах хамгийн хямд, үр дүнтэй арга юм.
Үүнээс гадна дараах урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай:
1. Дээврийн хэсэг, аливаа цуурал ан цав, ус нэвтэрч болзошгүй хэсгүүдийг олж засварлах
2. Өрөөний доторх чийгшлийн түвшин бага байгаа эсэхийг шалгах
3. Боломжтой бол өрөөнд тогтмол нарны гэрэл, агаарын солилцоог оруулж байх.
4. Хэрэв хөгц харагдвал түүнийг нэн яаралтай арилгах, хэрэв удсан хөгц бол мэргэжлийн хүнд хандах. Интернэтэд гэрийн нөхцөлд хөгц арилгах зааврууд бий. Ихэнхдээ цайруулагч бодисоор (белизна) арилгах ба гэхдээ энэ аргаар бага хэмжээний хөгцийг арилгах боломжтой юм.

(Эх сурвалж: archdaily.com)