Ханын цаас бол гэрийн интерьерт чухал үүрэгтэй боловч нэг асуудал байнга үүсдэг. Бүх төрлийн ханын цаасан дээр нунтаг шороо, агаарт байгаа тоосонцор зэрэг үүсэх мөн  гэрлийн унтраалга тойрсон хурууны хээ бий болдог учраас ханын цаасыг цэвэрлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Бид таньд санал болгож буй дараах аргуудыг туршаад үзсэнээр та ханын цаасаа цэвэр, өнгөлөг байлгах боломжтой.

Хэрхэн цэвэрлэх вэ?

Хэрэв та агаарын тоосжилт ихтэй бүсэд амьдардаг бол хамгийн багдаа сар эсвэл хоёр сар тутам ханын цаасаа цэвэрлэх хэрэгтэй. Ханын цаас утааны тортог, тос болон мөөгөнцөртэй болсон үед нэн хурдан цэвэрлэх хэрэгтэй.

Эхлэхийн өмнө

Та ханын цаасаа цэвэрлэхийн өмнө ханын цаасаа цэвэрлэх явцад гэмтээхгүйн тулд өөрийн ханын цаас ямар төрлийн цаас болохыг мэдэх хэрэгтэй.

Хулдаасан ханын цаас

Хулдаасан буюу хулдаасаар бүрсэн ханын цаас бол хамгийн удаан эдэлгээтэй цэвэрлэхэд хамгийн амар ханын цаас. Энэ төрлийн ханын цаас нь цэвэрлэгээний бодис болоод усанд тэсвэртэй учраас ихэвчлэн гал тогоо болон угаалгын өрөөнд тохиромжтой байдаг.

Шилэн хөвөн ханын цаас

Шилэн хөвөн ханын цаас нь маш удаан эдэлгээтэй, галд тэсвэртэй, өнгөө алдадгүй учраас ихэвчлэн олон нийтийн газар хэрэглэдэг.  Иймэрдүү ханын цаас нь арчилгаа цэвэрлэгээг маш сайн даадаг.

Нэхмэл биш ханын цаас

Энэ төрлийн ханын цаас нь сүүлийн үед трэнд болж байгаа ханын цаас бөгөөд уг ханын цаасыг кофены шүүлтүүрт хэрэглэдэг байгалийн гаралтай утас болон нийлэг материалын хольцоор хийдэг.  Нэхмэл биш ханын цаас нь уян хатан бөгөөд агаар сайн нэвтрүүлдэг боловч угааж болдоггүй, толбо болон тоосыг арилгахад маш хэцүү байдаг.

Уламжлалт  үстэй мэт тугалган ханын цаас

Эслэг эдээр хийгдсэн уламжлалт ханын цаас нь нэг болон хоёр давхаргатай байдаг. Энэ төрлийн ханын цаас маш их түгээмэл, үнийн хувьд хямд байдаг боловч ус болоод чийгэнд тэсвэргүй цэвэрлэж угаахад тохиромжгүй байдаг. Тугалган болон үстэй мэт ханын цаас нь хамба хилэн мэт гадаргуутай дундуураа нимгэн метал тугалган цаастай байдаг.

Байгалийн өвс болон хулсаар хийсэн ханын цаас

Байгалийн бүрэлдэхүүн хэсгүүд болох маалинга, зэгс, зүлэг, хулс зэргээс гаргаж авсан нэхмэл бүтэцтэй ханын цаас багтана. Хулсан ханын цаас нь байгалийн хулсыг цаасан дээр бэхэлж гар аргаар хийдэг. Ус болоод цэвэрлэгээний бодисоор цэвэрлэхэ алинд ч тэсвэргүй.

Таньд юу хэрэгтэй вэ?

Хэрэгтэй зүйлс

·         Угаалгын шингэн

·         Ус

·         Эрдэнэшишийн цардуул /заавал биш/

·         Хүнсний скоч /заавал биш/

·         Нэрмэл цагаан цуу/заавал биш/

·         Цаасан алчуур /заавал биш/

·         Хлорамин, цайруулагч /заавал биш/

·         Модтой хөвөн/заавал биш/

Багаж/заавал биш/

-          Урт иштэй тоос хамагч эсвэл жижиг хошуутай тоос сорогч

-          Хувин

-          Порлон

-          Тоосны алчуур

-          Балруул /заавал биш/

-          Мохой ирмэгтэй хутга

-          Индүү /заавал биш/

Цэвэрлэх заавар

1. Гадаргуу дахь тоосыг арилгах

Бүх төрлийн ханын цаас нь сар болоод л тоос тогтдог бөгөөд тоосыг зориулалтын шойтиктой тоос сорогчоор эсвэл зориулалтын тоос арчигчаар шороо, тортог, тоосыг арилгах хэрэгтэй. Ингэхдээ хананыхаа дээд талаас доош шал хүртлээ эгц шулуун чиглэлээр арчина.

Зөвлөмж: Хэрэв та хулдаасан болон шилэн хөвөн ханын цаастай бол эхний ээлжинд савантай усаар арчиж эхлэх хэрэгтэй. Энэ нь ханын цаасанд наалдсан тоосыг арилгахаас гадна тоос ийш тийш тархахаас сэргийлнэ.

2. Цэвэрлэх уусмалыг бэлтгэх

Шилэн хөвөн болон хулдаасан ханын цаасыг цэвэрлэхдээ нэг хувин бүлээн усан дээр 2 амны халбага аяга угаагч шингэн хийнэ. Шингэнээ хөөсөртөл сайтар хутгана.

3. Ханаа арчих

Зөөлөн порлоноо бага зэргийн чийгтэй болгож байгаад арчина. Мөн хананыхаа дээд ирмэгээс эхлээд доош шулуун чиглэлээр арчина. Хэрэв зурагтай ханын цаас бол хэт хүчтэй зүлгэж арчиж болохгүй.

4. Ханаа хатаах

Ханыг өөрөөр хатааж болохоос гадна зориулалтын тоосны алчуур, элгэн алчуураар ханыг арчиж хатааж болно.

5. Толбо шалгах

Ханаа хатаасаны дараа ямар нэгэн толбо байгаа эсэх мөн хэт чийгтэй хананы хэсэг байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хамгийн сайн шалгах хэсэг бол гэрлийн унтраалгын эргэн тойрон, угаалтуурын арын хэсэг мөн хүүхэд хүрч чадахуйц хэсгийг сайтар шалгах хэрэгтэй.

6. Хурууны хээ болон гутлын улнаас үлдсэн толбыг арилгах

Зориулалтын балруулаар хурууны хээ болон гуталнаас үүссэн толбыг арилгаж болно. Энэхүү балруул нь бүх төрлийн ханын цаасанд хэрэглэж болдог. Харин хулдаасан болон шилэн хөвөн гадаргуутай ханын цаасанд аяга угаагч шингэнтэй бүлээн усанд порлоноо дүрээд бага зэргийн чийгтэйгээр арчина. Үүний дараа порлоноо дахин цэвэр усанд хийж, мөн чийгтэй порлоноор дахин үрж арчиж болно.

7. Тос болсон ханыг цэвэрлэх

Тосны толботой хэсэг дээр эрдэнэшишийн цардуулнаасаа түрхээд дээр нь хүнсний скочоороо бүтээнэ. Ингээд хамгийн багадаа 24 цаг байлгана. Үүний дараа зөөлөн үстэй шойтик болон зөөлөн даавуугаар арчиж цардуулаа арилгана. Шаардлагатай бол дахиад хийж болно.

Хулдаасан болон шилэн хөвөн ханан цаасны толбыг арилгахдаа тал аяга нэрмэл цагаан цууг нэг аяга бүлээн устай холиод уусмалыг бэлдэнэ. Уусмалдаа модтой хөвөнгөө дүрж, зөвхөн толбо болсон хэсгийг арчина. Арчисаны дараагаар хуурай алчуураар арчиж шаардлагатай бол дахин уусмалаар арчина.

8. Ханан дээрх тосон харандааг арилгах

Мохой ирмэгтэй хутга эсвэл кредит картаар тосон харандааны хэсгийг хусаж арилгана. Мөн цаасан алчуурыг /сальфетка/ хананы тосон харандаатай хэсэг дээр тавиад дээрээс нь хэт халуун биш хамгийн бага хэм дээр нь индүүгээ тавиад индүүднэ. Ингэснээр тосон харандаа маань хайлж цаасан алчуурт шингэнэ. Энэхүү үйлдлээ тосон харандаа болсон хэсэг бүрдээр давтан хийнэ.  

9. Өнгөцхөн толбыг арилгах

Хулдаасан болон шилэн хөвөн ханын цаасан дээр өнгөцхөн толбыг арилгахдаа нэг аяга усан дээр 1-4 ширхэг хлорамин хийнэ. Ингээд бэлдсэн шингэнээ порлон эсвэл модтой хөвөнд шингээгээд толбон дээр түрхэнэ. Ойролцоогоор 5н минутын дараа цэвэр усанд порлоноо базаад түрхсэн уусмалаа арчина. Дахин давтаж хэрэглэж болно.