Гэртээ хаврын их цэвэрлэгээ хийж тоос шороо, өвлийн утаа тортогноосоо салах гэж байна уу? Ихэнхдээ завгүй байдаг хүмүүст гэрийн ажил амжуулахад хэцүү эсвэл нэг л зүрхшээгээд хиймээргүй санагдаж байвал дараах цэвэрлэгээний хуваарийг дагаад 1 сарын туршид зугуу хийгээрэй. Сарын дараа гэхэд гэр тань цэвэрхэн саруул болсон байна.

Өдөр 1 - Үүдний гишгүүр

Гутлын улаар дамжиж тоос шороо, өвчин үүсгэгч нян бактер гэрээр тархах аюултай байдаг. Үүдний гадна, дотор 2 гишгүүр тавьбал гуталны шороог илүү сайн авна. Гадна гишгүүрээ наранд тавьж, дотор гишгүүрээ ар, өвөргүй тоосыг нь соруулж цэвэрлэж байгаарай.

Өдөр 2 - Цонх

Бүүдгэр өдөр сүүдэр талын цонхноос эхэлж угаагаарай. Хурц нар цонхонд зураас үүсгэдэг. Шил арчигч шингэн, микрофайбер алчуур байхад л цонхоо гялалзтал өнгө оруулна.

Өдөр 3 - Гал тогооны угаалтуур

Угаалтуурын хоолойны эвгүй үнэр цогиод байвал хүнсний цуу (уксус) хийгээд араас нь хүйтэн ус гоожуулаарай.

Өдөр 4 - Печь (богино долгионы зуух)

Печин доторх нь толботож заваарсан байвал том амсартай аяганд 1 аяга усанд хүнсний цуу (уксус) хийж аягатай усыг буцалж, печин дотор ууршиж эхэлтэл нь хамгийн дээд тохиргоон дээр нь халаана. Хаалгыг нь нээлгүй унтраагаад 15 мин байлгаад нээж алчуураар арчихад толбо хялбар арилна.

Өдөр 5 - Хүнсний уут

Нэг удаагийн гялгар уутнаас татгалзаж олон дахин хэрэглэх даавуун уут хэрэглэх нь байгальд ээлтэй, зөв сонголт билээ. Харин даавуун уутаа угаалгүй удаан хэрэглэвэл үнэр орох, хүнсний нян үржих нөхцөл болно. Иймд даавуун уутаа ойр ойрхон цэвэрлэж байхаа мартуузай

Өдөр 6 - Гал тогооны тавцан

Хоол бэлтгэдэг бүхий л зүйлсийг цэвэрхэн байлгаж байгаарай. Гал тогооны тавцангаа ойр ойрхон сайтар угааж, ариутгаж байвал зохилтой.

Өдөр 7 - Гампанз мод

Хоол бэлтгэдэг гамбанз модоо лимоноор үрвэл толбогүй болж, үнэрийг бас давхар арилгана. Зөвхөн үнэрийг нь арилгах бол хүнсний содаар бас үрж болно.

Өдөр 8 - Хөргөгч

Хөргөгчөө өнгөц арчаад өнгөрөлгүй, бүх тавцан, хаалганы тавиур зэргийг нь салгаж аваад сайтар угааж ариутгаарай. Харахад бохир биш ч хөргөгчинд хүнсний нян ихээр үржсэн байдаг.

Өдөр 9 - Хайруулын таваг, хоолны кастрюли

Бага зэрэг түлэгдсэн савыг цэвэрлэхдээ дотор нь ус хийж аяга угаагч шингэн дусаагаад халаана. Хэсэг хөргөөд зүлгэгчээр зүлгэж цэвэрлэнэ. Зэс сав суулгыг кетчупээр зүлгэхэд гялалзаж өнгө ордог.

Өдөр 10 - Зуух

Зуухан дотор хүнсний толбо тогтож бэхэжсэн байвал нойтон халуун алчуураар хэсэг дараад хусч арилгаарай

Өдөр 11 - Гал тогооны шүүгээнүүд

Шүүгээнүүдээ суллаад чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй. Тавцан дээр тос, тоосны толбо удвал арилгахад хэцүү болдог тул ойр ойрхон цэвэрлэж байгаарай.

Өдөр 12 - Ган эдлэл

Угаалтуур зэрэг ган эдлэлийг гялалзуулъя гэвэл 1 литр халуун усанд 1 халбага аяга таваг угаагч шингэн хийж найруулаад микрофайбер алчуураар үрээрэй. Дараа нь халуун усаар зайлж цэвэр алчуураар арчина.

Өдөр 13 - Шургуулга

Элдэв жижиг зүйлс замбараагүй чихсэн шургуулгаа султгаж, ангилж ялгаад жижиг цаасан хайрцаг, жигнэмгийн төмөр сав зэргээр тасалгаа хийж эмх цэгцтэй болгоорой.

Өдөр 14 - Шүршүүрийн хөшиг

Даавуу, пластик ямар ч материалтай шүршүүрийн хөшгийг зөөлөн тохируулга дээр нь тавиад угаалгын машинд угааж болно. Шүршүүрийн хөшгинд мөөгөнцөр үүсэх аюултай тул үе үе авч цэвэрлэж байгаарай.

Өдөр 15 - Гоо сайхны бүтээгдэхүүн

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хугацааг нь шалгаж, хугацаа нь дууссан бол хаяарай. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн арьс, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул “гамнах” гэсний хэрэггүй шүү!

Өдөр 16 - Нүүр будгийн багс

Нүүр будалтын багс, порлон зэрэгт нян бактер хурдан үрждэг тул ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Ердийн аяга таваг угаагч шингэн эсвэл үсний шампуниар угааж болно. Хөөсрүүлж угаан будагнаас нь салгаад цэвэр усаар зайлахад хангалттай.

Өдөр 17 - Плита хоорондын зай

Цэвэрлэгээнд ихэнхдээ орхигддог хэсэг бол плита хоорондын зай байдаг. Ялангуяа цагаанаар будсан бол сойзоор цэвэрлэж өнгө оруулахад өрөөний өнгө зүс огцом нэмэгддэг байна.

Өдөр 18 - Угаалтуурын бохирын хоолойн урсацыг сайжруулах

Тал аяга хүнсний содыг ¼ аяга давстай холиод хуурайгаар нь бохирын хоолойд хийнэ. Араас нь 1 аяга халаасан хүнсний цуу (уксус) хийнэ. Хэсэг хөөсөрч, урвал явагдах ба 15 минутын дараа араас нь халуун ус 10-15 секунд гоожуулаарай. Энэ арга нь зөвхөн бохирын урсацыг сайжруулахад нэмэртэй тул угаалтуур бөглөрсөн үед өөр арга хэмжээ аваарай.

Өдөр 19 - Буйдан, зөөлөн сандал

Буйданг тоос сорогчоор соруулж цэвэрлэж болно. Тоос сорогчны нарийн хошуугаар хог хуримтлагддаг дотор буланг сайтар соруулаарай. Мөн түшлэг дэрийг 2 талаас нь соруулж цэвэрлэхээ мартуузай.

Өдөр 20 - Хөшиг

Хөшгөө угаалгын машинд угаагаад нойтон дээр нь өлгөвөл үрчийхгүй мөн индүүдэх ажлаас чөлөөлнө!

Өдөр 21 - Номын тавиур

Цаасанд тоос ихээр хуримтлагддаг тул номын тавиураа улирал тутамд цэвэрлэж, тоосыг нь ойр ойрхон арчиж байгаарай.

Өдөр 22 - Тааз, гэрлийн бүрхүүл

Нэгэнт хаврын их цэвэрлэгээгээр өдөр тутамд цэвэрлээд байдаггүй, ихэвчлэн орхигддог зүйлсийг цэвэрлээд авах нь чухал тул тааз, гэрлийн бүрхүүл, таазны сэнс зэргийг нэг мөр сайтар цэвэрлээд аваарай

Өдөр 23 - Хүүхдийн тоглоом

Нян бактер ихээр цуглардаг ч цэвэрлэхээ мартдаг зүйл бол хүүхдийн тоглоом юм. Тоглоомуудыг тогтмол ариутгаж цэвэрлээд чихмэл тоглоомуудыг угаалгын машинд угааж болно. Тэжээвэр нохой, мууртай бол амьтны тоглоомыг бас ариутгахаа мартуузай.

Өдөр 24 - Дэр, хөнжил

Дэр, хөнжил зэргийг жилд 2-3 удаа цэвэрлэхэд болох тул хаврын цэвэрлэгээндээ хамруулаад цэвэрлээрэй. Угаах зааврыг нь эхлээд шалгахаа мартуузай.

Өдөр 25 - Орны матрас

Ор дэрний даавуу, дэр хөнжлөөс гадна анхаарах ёстой зүйл бол тэр болгон цэвэрлээд байдаггүй орны матрас юм. Орны матрасанд нүдэнд харагдахгүй бичил биетүүд, шимэгч хорхойн өндөг, тоосны хачиг зэрэг үрждэг тул болвол уураар цэвэрлэх эсвэл зориулалтыг ариутгагч цацлагаар цэвэрлэх хэрэгтэй. Дор хаяж тоос сорогчоор соруулж цэвэрлээд агаарт хэсэг сэврээж болно.

Өдөр 26 - Хувцасны шүүгээ

Улирлын төгсгөлд хувцасны шүүгээгээ цэгцлэх нь зөв. Урагдаж элэгдсэн, багадсан, ер нь дахиж өмсөхгүй болсон хувцаснаасаа салж, улирал нь дууссан хувцсаа далд хийн зай гаргаарай.

Өдөр 27 - Угаалгын машин

Угаалгын машиныг өөрийг нь угаагаарай! Ихэнх машинд өөрийгөө цэвэрлэх горим байдаг. Зориулалтын цэвэрлэгч эсвэл энгийн цайруулагч (белизна) хэрэглээрэй.

Өдөр 28 - Гар утас

Гар утсанд маш их нян бактер үржсэн байдаг. Иймд утас, таблет, компьютерийн гар, зурагтын удирдлага гээд гар олон дахин хүрдэг цахилгаан эд хэрэгслээ ч ариутгахаа мартав!

Өдөр 29 - Цүнх

Гар цүнхэнд нэг мэдэхэд хэрэгтэй, хэрэггүй баахан зүйл орчихсон явж байдаг шүү дээ. Цүнхээ бүрэн султгаад доторхыг нь цэвэрлэж, шаардлагатай бол ариутгаад авахад ч гэмгүй. Буцаж эд зүйлсээ хийхдээ эхнээс нь эмх цэгцтэй, халаас болон жижиг кошелёк зэрэгт хувааж хийгээрэй.

Өдөр 30 - Тоос сорогч

Цэвэрлэгээнд хэрэглэдэг зүйлсийг өөрсдийг нь цэвэрлэхгүй мартах гээд байдаг. Тоос сорогчийнхоо шүүлтүүр, хогны сав, мөн хошуу зэргийг солихыг нь сольж, угаахыг нь угааж цэвэрлэж байгаарай.

Өдөр 31 - Шүүр

Бас л цэвэрлэгээнд хэрэглэдэг мөртлөө бараг цэвэрлээд байдаггүй зүйлсийн нэг. Шүүрний үсийг эхлээд элдэв наалдсан хогноос нь гараар салгаад, воктой бүлээн усанд хэсэг байлгаж хирийг нь угааж болно.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.