1. Орон сууц авах гэж буй зорилгоо тодорхойлох

Ойлгомжтой мэт боловч байр сууц нь хүн амьдралдаа цөөхөн хийдэг том худалдан авалт тул няхуур хандах хэрэгтэй.  
Гэр бүлийнхэнтэйгээ хэр өнөр өтгөн айл болох, ажил мэргэжлийн карьер эсвэл бизнесийнхээ ирээдүйг хамтдаа нэг ярилцаарай. Мөрөөдлийн гэрээ төсөөлөөд үзээрэй. Эдгээрээс харин аль нь зайлшгүй, аль нь чухал, аль нь байвал аятайхан гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Орон сууц худалдан авахад ихэнхэд маань санхүүгийн боломж, хэмжээ хязгаартай тул ямар хүчин зүйлийг заавал харгалзах, ямар хүчин зүйлийг хаяхаа мэдэж байх нь чухал.

2. Санхүүгийн тооцоо, төлөвлөлт хийх

Байр судлах, сонгохоос өмнө хэр хэмжээний мөнгө хуримтлуулсан, мөн ойрын ирээдүйд хэр мөнгө орж ирэхийг тооцоолох хэрэгтэй. Танд байгаа мөнгийг байрны урьдчилгаа төлбөр 30% гэж тооцвол өнөөдөр хэр хэмжээний зээлийг банкнаас авах боломжтой байна, нэмж хэдийг хуримтлуулах хэрэгтэй вэ? гэдэг тооцоо гаргаад үзээрэй.

Энэ тооцоо байранд орсны дараа санхүүгийн хүндрэлд орохгүй байх төдийгүй зээл олгогч банкинд таны өр авлагын хэмжээ, өрхийн сарын орлого, зарлага, хэр удаан тогтвор суурьшилтай ажиллаж байгаа зэргийг тодорхойлоход ч хамаатай.

3. Зорилтот хуримтлал үүсгэх

Орон сууцтай болох хамгийн эхний алхам бол мэдээж тогтсон ажилтай, орлоготой болох явдал. Харин дараагийн алхам нь хуримтлал. Монголчууд бид дэлхийн зарим улс үндэстнүүдтэй харьцуулахад хуримтлал үүсгэх дадал зуршил, соёлын хувьд сул хэдий ч хичээвэл болох л зүйл. Орчин үед хэрхэн зардлаа хэмнэх, орлогоо өсгөх, хадгаламж үүсгэх талаар БАЙРНЫ УРЬДЧИЛГАА ХУРИМТЛУУЛАХ 6 АРГА зөвлөмжийн нийтлэлийг танилцуулж байна. 

              

4. Ирээдүйн үнэ цэнийг тооцох

Өнөөдрийн үнээс гадна ирээдүйн үнэ цэнийн өсөлтийг тооцоолох нь мөн адил чухал зүйл. 5-10 жилийн дараа байраа томсгох хэрэг гарах ч юм билүү. Тэр үед таны орон сууцны үнэ ядаж инфляцийг давах хэрэгтэй шүү дээ. 10 жилийн дараа та өнөөдөр байраа авсан үнээс дор хаяж дахин өндөр үнээр зарж чадахгүй байвал тун тааруухан хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг.

5. Орон сууц захиалах

Зөв цагт орон сууц авах боломжгүй бол яах вэ? Хуримтлал тань урьдчилгаа төлбөрт хүрэхгүй байх хамгийн түгээмэл шалтгаан байж болно. Ирээдүйд орох байрныхаа хэлцлийг өнөөдрийн үнээр хийх нь шийдэл болно. Бэлэн орон сууц худалдаж авах үед бүх төлбөр тооцоог хийх хэрэгтэй байдаг бол захиалгын гэрээ хийснээр ирээдүйд орох байрныхаа сонголтыг өнөөдрийн нөхцөлөөр хийх боломжтой болно гэсэн үг юм. 

7. Хуучин байр уу, шинэ байр уу?

Хуучин байр худалдаж авах бодол юун түрүүнд үнэ хямд гэдгээс нь болж төрдөг. Гэтэл хуучин байрыг засах, тордоход нэлээдгүй өндөр зардал гарчихдаг. Цэвэр, бохир, халаалтын шугам, дэд бүтэц хуучирсныг засах, солих зардлуудыг бас тооцохгүй бол ус алдалтаас болж бүр ч илүү хохирол учирч болзошгүй.

Хуучин байрнуудын орц, гадаад орчин, аюулгүй байдал, зам, зогсоол, тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт сул байдаг нь өдөр тутмын амьдралд чирэгдэл, зардал гаргаж байдгийг бас тооцоорой.

8. Байршил, байршил бас дахин байршил

Байршил чухал гэдгийг ихэнх хүмүүс мэддэг ч тухайн үеийн үзэмжээр төрсөн сэтгэгдлээрээ байршлын ач холбогдлыг орхигдуулчих нь элбэг. Орон сууц худалдаж авах нь амьдрах орон гэрээ бий болгохоос гадна ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хөрөнгө оруулалт хийж буйг бүү мартаарай.